БИ АМЖИЛТЫНХАА ЗАМЫН 35 КМ ЯВЖ БАЙНА.

3 сар, 2 долоо хоног өмнө
52
amarjargal
Ярилцлага

БИ АМЖИЛТЫНХАА ЗАМЫН 35 КМ ЯВЖ БАЙНА.


Мобиком корпорацийн Маркетинг, сурталчилгааны газрын дарга Б.Баатарзаяа

  1. 1. Сайн байна уу? Танд нийт уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө өөрийгөө товчхон танилцуулана уу?

Сайн сайн байна уу? Юуны өмнө “Маркетинг ба Өнөөдөр” сэтгүүлийн нийт уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Б.Баатарзаяа гэдэг. Би Мобиком корпорацийн маркетинг, сурталчилгааны газрын даргаар ажилладаг.

  1. 2. Яагаад чухам маркетингийн чиглэлээр ажиллах болсон бэ?

Би эцэг эхийн ажлын шаардлагаар Япон улсад дунд сургуулиа төгсөөд, Америкийн Нэгдсэн Улсын Оклахома мужийн их сургуульд 2 жил, Алабамагийн их сургуульд 2,5 жил суралцан төгссөн. Тэгээд Оклахома мужийн их сургуульд зар сурталчилгааны чиглэлээр сурч байхдаа маркетингийг маш их сонирхон давхар мэргэжлээрээ сонгосон юм. Сургуулиа төгсөөд Япон улсад 6 жил брэнд маркетингийн чиглэлээр ажиллаж байгаад сая 2011 оноос хойш монголд ажиллаж, амьдарч байна. Минийхээр маркетинг нь өөрөө инженер, нарийн мэргэжил гэхээсээ илүүтэй, амьдралын өдөр тутамд тохиолдож болохуйц их сонирхолтой санагдсан учраас маркетингийн чиглэлээр дагнаж ажиллахаар шийдсэн дээ.

  1. 3. Маркетингийг та өөрийн үзэл баримтлал, туршлагаар тодорхойлж хэлбэл?

Олон толь бичигт янз бүрээр тайлбарлаж бичсэн байдаг. Би багийнхандаа маркетингийг ойлгуулахдаа хүний өдөр тутмын амьдралд тохиолддог энгийн бүх процессууд юм гэж хэлдэг. Нэг үгээр хэлбэл “зах зээл дээр бид бүтээгдэхүүн гаргахдаа эхлээд зах зээлээ судална. Судалсан зах зээлийнхээ хэрэгцээг тодорхойлж, түүндээ тохирсон бүтээгдэхүүнээ үйлдвэрлэчихээд хамгийн оновчтой байдлаар хүргэж өгөх” гэсэн байдлаар ойлгож болох юм.

  1. 4. Та америк болон япон орнуудад сурч, ажиллаж байсан гэж ярилаа. Тэгвэл монголын маркетингийн өнөөгийн нөхцөл байдлыг дээрх орнуудтай харьцуулж үзвэл?

АНУ, Япон орнуудад зар сурталчилгаа өндөр хөгжсөн байдаг. Тэд маш их хөрөнгийг зар сурталчилгаанд зарцуулдаг. Япон улс нь бүтээгдэхүүн маш ихтэй, импорт олон байхаас гадна өөрсдийн дотоодын бүтээгдэхүүн олон байдаг. Олон салбарууд дээр хувь хүмүүс амжилт олох гэж оролддог болохоор зар сурталчилгаагаар ханачихсан газар. Тийм учраас зар сурталчилгааны хэлбэр нь маш өөр түвшинд хөгжиж очсон газар гэж надад харагдсан. Монголын хэмжээнд  зар сурталчилгаа гэдэг нь маркетинг сурталчилгааны шинэ суваг болж танигдаж эхэлж байна гэж би хувьдаа дүгнэдэг. Уламжлалт аргаас шинэ арга руу шилжих энэ эрин үе одоо л эхэлж байна. Зар сурталчилгаа гэдэг зүйл  нь монгол руу орж ирж байгаагаас гадна энэ чиглэлийн үйлчилгээ явуулж буй газрууд нь харьцангуй цөөн. Тухайлбал; нэг салбарын нэг чиглэлийн үйлчилгээ, нэг брэнд юм уу, нэг бүтээгдэхүүнээ зах зээлд  гаргаад ирэхээр тэр нь нийтийн хэрэгцээг хангачихдаг байсан. Харин одоо өрсөлдөөн гарч ирж байна. Өрсөлдөөн гэдэг зүйл бий болсноор маркетингийн бодлого нь өндөр чанарын хэрэгжилттэй болж, сурталчилгааны оновчтой шийдлүүд хэрэгцээтэй болж эхэлдэг. Монголд брэнд болон бүтээгдэхүүнүүдийн өрсөлдөөн үүсэж байгаа энэ үед л маркетингийн суурь нь тавигдаж байна гэж би хардаг.

  1. 5. Брэндингийн талаар таны бодол, түүнийг хэрхэн бүтээдэг вэ?

Би Японд ажиллаж байхдаа тамхин бүтээгдэхүүний брэндинг хийж үзсэн. Тамхин бүтээгдэхүүн гэдэг нь монголд, ялгаагүй архи тамхи хоёулаа маш хязгаарлагдмал зохицуулалтанд байдаг. Жишээлбэл: телевизээр реклам явуулахыг хориглох, рекламны самбар дээр байршуулж болохгүй, гэх мэт. Одоо миний харж байгаагаар брэнд гэдэг нь хэрэглэгч өөрөө сонголтоо хийхэд нэг бүтээгдэхүүнээс нөгөө бүтээгдэхүүнийг ямар нэгэн мэдрэмжээрээ ялгаж чадаж байгаа тохиолдолд жинхэнэ утгаараа брэнд болж хөгжсөн байна гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч өөрт мэдрэгдсэн анхны мэдрэмжээ брэнд гэж ойлгож болох юм. Харин брэндийг хөгжүүлэхдээ зар сурталчилгаа болон бүтээгдэхүүн гэдэг хэмжүүр биш тухайн компанийхаа бүхий л үйл ажиллагаанаас хамаарсан хэрэглэгчийн үнэлгээ болгох хэрэгтэй.

  1. 6. Таны ажиллаж буй салбар сая гаруй хэрэглэгчидтэй, томоохон зах зээлийг хамарсан компани. Маркетингийн ямар арга хэрэгслээр хэрэглэгчдээ хэрхэн хайрладаг юм бол?

Анх 16 жилийн өмнө манай компани сууриа тавьсан. Компанийн үндэс суурийг монголын нэг, Японы 2 хөрөнгө оруулагч тавьж байсан. Японы хөрөнгө оруулагчдын нэг нь улсдаа 2-рт ордог KDDI гар утасны үйлчилгээ үзүүлдэг компани юм. Тухайн үед тэдний таамаглалаар 5 жилдээ хоёр мянган үйлчлүүлэгч авна гэсэн тооцоотой ажиллаж байтал үйлчлүүлэгчдийн тоо 500 мянгад хүрч чадсан байна. Энэ нь юуг хэлээд байна гэхээр бид бүхэн маркетинг гэхээсээ илүү томоохон бүтээн байгуулалтуудыг  хийж ирсэн нь харагддаг. Одоо үүрэн холбооны 4 өрсөлдөгчтэй болчихлоо. Өрсөлдөгч нар нэмэгдэхийн хэрээр зах зээл маань хэдэн хэсэг болж хуваагдаж байгаа юм. Өнөөдөр 1 сая гаруй хэрэглэгчидтэй хамгийн том компани гэж байна, тэр хэмжээгээрээ бидэнд тулгарах сорилтууд маш өндөр болж ирнэ. Учир нь зах зээл  маань нэг биш олон сегмент, фракцад хуваагдаад ирэхээр хэрэглэгчдийн хүслийг хангахын тулд хэрхэн оновчтой зөв ажиллах төлөвлөгөө хэрэгтэй. Өөрөөр хэлбэл; бид зах зээлээ зөв таньж, хэрэглэгчдэд шаардлагатай байгаа хэрэгцээг мэдрэх нь зах зээлийг удирдахад хамгийн том даалгавар болж байна.

  1. 7. Таны бодлоор маркетинг хийхэд хамгийн чухал 5 зүйлийг жагсаавал?
  1. 1. Маркетер хүн ажилдаа дуртай, мэдрэмжтэй байх ёстой.
  2. 2. Мэдэрсэн  мэдрэмжээ судалгаагаар баталгаажуулж чаддаг байх хэрэгтэй.
  3. 3. Зах зээлийнхээ мэдээлэл дээр үндэслээд зөв оновчтой бүтээгдэхүүн хийж, тэрэндээ тохирсон сурталчилгааны стратеги боловсруулж чаддаг байх ёстой.
  4. 4. Өрсөлдөөнтэй зах зээл дээр хурд хэрэгтэй.
  5. 5. Үргэлжлүүлэн хяналт маш чухал.
  1. 8. Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Өглөө ажилдаа явж байх хугацаандаа тэр өдөр юу хийх ёстой вэ? гэдгээ эрэгцүүлж  байгаад имэйлээр өөртөө бичдэг. Ажил дээрээ орж ирээд имэйлээр ирсэн ажлаа төлөвлөж, түүнийгээ боловсруулан албаны хурал дээр ярилцана. Хурлаар хэлэлцсэн ажлууд заримдаа шийдвэрт хүрэх нь ч бий, нэлээн хэлэлцээд олон удаагийн процесс болж хувирах ч юм байна. Ийм байдлаар үдээс өмнөх ажлууд дуусна. Үдээс хойш ихэвчлэн хамтран ажиллагч нартайгаа уулзах, бусад нэгжийн ажилтнуудтайгаа уулзаж ярилцах, өөрийнхөө багийханд зааж зөвлөх, хянах гэсэн ажил хийсээр л нэг мэдэхэд өдөр өнгөрдөг. Орой ажил тараад харих замдаа өнөөдөр хийсэн ажил, маргаашийнхаа тухай цааш нь тархиндаа эрэгцүүлж байгаад өөртөө имэйлдчихнэ. Тиймэрхүү байдлаар ажлын нэг өдөр өнгөрдөг.

  1. 9. Бүтэлгүйтэл бол ухаалгаар эхлэх шинэ боломж гэдэг. Таны гаргаж байсан алдаа, түүнээс хэрхэн суралцсан бэ?

Японд ажиллаж байхдаа хамтран ажилладаг багийхантайгаа сайн ярилцах минь яав даа гэж бодож байсан үе зөндөө тохиолдож байсан. Мобиком корпорацид орж ажиллаад ухаарал гэх юм бол нийгмийн ялгаа, хүмүүс, хэрэглэгчдийн хүлээц юм. Хүлээц гэдэг нь одоо харилцаа холбоо, үүрэн холбооны салбарын гэдэг утгаас ерөнхийдөө маркетинг сурталчилгаа гэж хүлээж авдаг. Ялангуяа судалгааг бол эрчимтэй хэрэгжүүлэх юм. Бид одоо энэ зорилтот зах зээлээсээ судалгаа авч хэрэгжүүлнэ гэхээр өнөөдрийн миний мэдэж чадахгүй байгаа монголын нийгэм буюу монголын салбарын ойлголтын зөрүүг арилгах ганц арга юм болов уу гэж боддог.

  1. 10. Та өөрийнхөө амжилтын замыг 100 км гэж үзвэл, хэдэн км явж байна вэ?

Амжилтыг маш олон талаас нь тодорхойлж болно. Би амжилтын замынхаа 35 км явж байна.

  1. 11. Таны бодлоор монголд хамгийн амжилттай хэрэгжсэн маркетингийн кампанит ажил? Яагаад?

Хамгийн сайн санаанд орж байгаа нь apply брэнд юм. Apple брэндийн философи нь маш тодорхой гарч ирсэн боловч Стив Жобс 1998 онд эргэн ирж компанийнхаа дотоод үзэл бодлыг шинэчлэн философио дахин хүчтэй гаргаж ирсэн. 2000 оноос эхлэн өөрийнхөө ipod, iphone, ipad гэсэн нэрийн бүтээгдэхүүнүүдийг зах зээл дээр хүчтэй гарч ирсэн. Тэдний хувьд маркетингийн кампанит ажлууд маш оновчтой хэрэгжиж чадсныг юугаар дүгнэх гээд байна вэ гэхээр гаргаж ирсэн бүтээгдэхүүн бол бүтээлч /киректив/ үзэл бодолтой, шинэлэг сэтгэлгээтэй хүмүүст зориулсан багаж хэрэгсэл нь болно гэдэг маркетингийн стратеги юм. Иймд маркетингийн үйл ажиллагаа нь эцсийн дүндээ хамгийн сайн уялдаж чадсан гэдэг утгаараа би applе брэндийг сайн явсан жишээ гэж бодож байна

  1. 12. Залуу маркетерууд болон маркетингийн чиглэлээр сурдаг оюутануудад хандаж хэлэх зөвлөгөө?, хувь хүн талаасаа өөрийгөө хөгжүүлэхэд юун дээр анхаарах вэ?

Маркетингийг сонирхон судалж буй залууст зөвлөхөд өдөр тутмынхаа хийж буй ажлаасаа туршлага хуримтлуулж, бие даан эргэн тойрноосоо суралцах нь маркетер болж хөгжихөд маш их нөлөө үзүүлдэг. Туршлагагүй бол сайн онол байгаад ч маркетер болоход хэцүү.

  1. 13. Та маркетингийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүн. Монголын маркетингийн сарбарыг хөгжүүлэхэд юуг анхаарах нь зүйтэй гэж үздэг вэ?

Монголд чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээр түшиглэсэн өрсөлдөөнийг бий болгон хөгжүүлэх хэрэгтэй. Маркетинг гэдэг томоохон салбарыг хөгжүүлэхийн тулд маркетерууд хэрэглэгчдээ зөв байдлаар сургаж идэвхижүүлэх, дахиад нэг ахисан түвшний хэрэглэгч болгож хувиргах ажлуудыг хийх нь манай одоогийн нөхцөл байдалд чухал юм.

Баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.


Бусадтай хуваалцах
Төсөөтэй мэдээллүүд